COVID-19 ХАЛДВАР ХҮҮХДЭД…

SetunariШинэ короновирүсийн халдвар жирэмсэн эхээс урагт-хүүхдэд халдаж болох талаар анхны судалгаа The Lancet -д хэвлэгдсэн 1 бол JAMA-д 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Хятадын эмнэлэгт COVID-19 халдварын улмаас хэвтэн эмчлүүлсэн нялхасын талаар судлаачийн тэмдэглэл нийтлэгдсэн 2 байна.

Хэвтэн эмчлүүлсэн бүх хүүхдийн хамар залгиураас арчдас авч бодит хугацааны полимеразын гинжин урвалаар сорьцыг шинжлэн 2 удаа эерэг гарвал COVID-19 халдвартай гэж үзсэн байна.

Судлаачид 1-11 сартай 9 нялхаст халдвар илрүүснээс 7 нь охид байжээ. Эдгээрийн 4-д халуурах, 2-д амьсгалын дээд замын халдварын шинж хөнгөн илэрсэн бол 1 хүүхдэд эмнэлзүйн ямар ч шинж илрээгүй боловч халдвар эерэг гарчээ. Харин 2 хүүхдийн эмнэлзүйн шинжийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байв. Дээрх 9 хүүхэд бүгд гэр бүлийн гишүүдээс халдвар авсан байна.

Хүүхдийн дархлаа тогтолцоо гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой өвчний зарим шинж балархай явагддагыг дээрх тохиолдол харуулж байна. Түүнээс гадна насанд хүрэгчдийн дунд эрэгтэйүүд илүү өвчилж байхад нялхасын дунд охид давамгайлсан байна.

Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн мэдээгээр COVID-19 халдвар батлагдсан 44,672 тохиолдолоос 0–10 насны 416 (0.9%),   10–19 насны 549 (1.2%) тохиолдол бүртгэгдсэн байна. Ийнхүү харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдсэнийг тэд хүүхдийн гэрийн гадуурх хөдөлгөөн халдварын тархалтын эхэн үед харьцангуй бага байсантай холбон тайлбарласан ба цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх эрсдэлтэйг сануулсан байна.

Хэдийгээр COVID-19 халдвар хүүхдэд хүнд хэлбэрээр явагдсан мэдээлэл ховор байгаа боловч эмнэлзүйчид бид зарим өвчний шинж бага насны хүүхдэд тодорхой илрэхгүй, биеийн хариу урвал яаж ч явагдаж болдогыг анхаарах хэрэгтэй.

Нярай, нялхас бага насны хүүхдийн эрхтэн тогтолцоо гүйцэд хөгжөөгүй халдварт өвчин, агаарын бохирдол, осол гэмтэл зэрэгт өртөмхий ба хамгаалах хариу урвалыг тэр бүр үзүүлж чаддагүй тул хүүхдийн эрүүл мэнд, амь нас гэр бүлийн гишүүдийн хариуцлагаас шууд хамаарна.

АУ-ны доктор Д.Агиймаа

Ном зүй:

  1. Chen H, Guo J, Wang C, et al. Clinical characteristics and intrauterine vertical transmission potential of COVID-19 infection in nine pregnant women: a retrospective review of medical records. Lancet. February 12, 2020. Epub ahead of print. doi: 10.1016/S0140-6736(20)30360-3
  2. Wei M, Yuan J, Liu Y, Fu T, Yu X, Zhang ZJ. Novel coronavirus infection in hospitalized infants under 1 year of age in China. JAMA. February 14, 2020. Epub ahead of print. doi: 10.1001/jama.2020.2131
  3. Ping-Ing Lee, Ya-Li Hu, Po-Yen Chen, Yhu-Chering Huang, Po-Ren Hsueh. Are children less susceptible to COVID-19? Journal of Microbiology, Immunology and Infection. 21 February 2020. https://doi.org/10.1016/j.jmii.2020.02.011

Setunari