КОВИД-19 цар тахлын үед гэрийн хөл хорионы үеэр хүүхэд, эцэг эх, асрамжлагчдад өгөх сэтгэлзүйн зөвлөгөө

  1. Ковид-19 цар тахлын үед Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр иргэд, олон нийт гэртээ хөл хорионд орсон. Хөл хорионы үед хүмүүсийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?
    • Гуниглах, ганцаардах, уур уцаартай болох зэрэг өөрчлөлтөөс эхлээд стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт илэрнэ.
    • Стресст орох буюу доорх шинжүүд илэрнэ:
      • Нойргүйдэл
      • Хоолны дуршил хэт ихсэх эсвэл буурах
      • Анхаарал төвлөрөл буурах
      • Архаг өвчин, эмгэг сэдрэх
      • Сэтгэцийн эрүүл мэндийн байдал дордох
      • Согтууруулах ундаа, тамхины хэрэглээ ихсэх
    • Бие махбодийн талаас:
      • Хөдөлгөөний дутагдал
      • Таргалалт
  2. Цар тахлын үед өөрөө, гэр бүл, ойр дотны хэн нэг нь өвдчих вий, ажил төрөл, санхүүгийн асуудал гээд стресстэх үе гарах нь бий. Энэ үеийг хэрхэн даван туулах вэ?
    • Ковид-19-ийн талаарх үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь мэдэж, халдвараас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээг дагаж мөрдөөрэй. Шаардлагатай тохиолдолд Ковид-19-ийн талаарх хэт их  мэдээллээс "завсарлага" аваарай.
    • Эрүүл, чанартай хоолоор хооллож, өдөр бүр хангалттай унтаж, биеийн тамирын дасгал хийгээрэй.
    • Өдөр бүр өөрийн дуртай, сонирхдог зүйлсээ тогтмол хийгээрэй. (ном унших, залбирал, гар урлал, цахимаар найзуудтай ярилцах зэрэг)
    • Өөрийн өдөр тутмын шинэ хэмнэлийг гаргаж, дагаарай.
    • Согтууруулах ундаа, тамхи, кофены хэрэглээг багасгах. Эдгээр нь магадгүй богино хугацаанд туслах мэт боловч сэтгэл гутрал, сэтгэл түгшил, нойргүйдлийг дагуулдаг. Хэрэв та эдгээрийн аль нэгийг хэтрүүлэн хэрэглэж байгаа бол гэртээ байгаа хэмжээг багасгаж, стрессийг даван туулах бусад аргуудыг сонгоорой.
    • Өдөр бүрийн төгсгөлд бусдад тусалсан эсвэл талархаж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг бичиж, өөрөө өөртөө сэтгэл ханамжийг бий болгоорой.
    • Өөрийн шийдэж чадах, чадахгүй зүйлийн жагсаалтыг бодитоор гаргах нь шийдвэрлэж чадахгүй асуудлын төлөө стресс, бухимдалд орохоос сэргийлнэ.
    • Алжаал тайлах дасгал хийгээрэй:
      • Гүнзгий, удаанаар амьсгалах
      • Сунгалт, бүжиг, мөргөл, иогийн дасгал
    • Насанд хүрэгчид долоо хоногт дунд зэргийн эрчимтэй дасгалыг багадаа 150 минут, өндөр эрчимтэй дасгалыг багадаа 75 минут хийнэ
    • Хөдөлгөөний хомсдолтой ахмад настан долоо хоногт 3 буюу түүнээс олон өдөрт биеийн тэнцвэр сайжруулах, хөдөлгөөний идэвх сайжруулах дасгал хийгээрэй.
  3. Тодорхой хэмжээгээр өөрчлөлтөд орж, уур уцаартай, стресстэй байдалд орвол түүнийгээ хэрхэн давж гарах ёстой вэ?
    • Дээрх бүх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
    • Бүх нийтийг хамарсан энэхүү цар тахлын үед гуниглах, ганцаардах, стресст орох, эргэлзэх, айх зэрэг нь хэвийн мэдрэмж гэдгийг ойлгох
    • Гүнзгий, удаанаар амьсгалах зэргээр бясалгал, хийн дасгал, иогийн дасгал хийгээрэй.
    • Эсвэл ямар нэгэн эрчимтэй дасгал хөдөлгөөнийг гэрийн нөхцөлд хийгээрэй.
    • Хэрэв дээрх энгийн аргуудыг өөртөө хэрэгжүүлээд сэтгэл санааны байдал сайжрахгүй бол сэтгэл зүйч эмчтэй цахимаар ярилцаж, зөвлөгөө аваарай.
  4. Хүүхдүүдийн хувьд ч мөн стресст орж байгаа. Хүүхдээ стрессгүй байлгах, эцэг, эхчүүд тэдний сэтгэл зүйн онцлогт тохируулж хэрхэн харилцах хэрэгтэй вэ?
    • Насанд хүрсэн хүн өөрт тохирсон аргаар стрессээ тайлдаг бол хүүхэд стресст орж буйгаа мэдэхгүйгээс гадна хэрхэн тайлахаа мөн мэддэггүй. Энэ үед хүүхэд үгэнд орохгүй зөрүүдлэх, чангаар уйлах, дуугаа хурааж өөрийгөө тусгаарлах зэрэг үйлдлүүд гаргадаг.
      • Хүүхдийг хайрлаж буйгаа байнга илэрхийлэх
      • Таагүй үйлдэл гаргах үед “болохгүй” гэсэн команд өгөхөөс илүү өөрийнх нь хийх дуртай зүйлийг хамтдаа хийж анхаарлыг өөр зүйлд хандуулах хэрэгтэй.
      • Гэртээ тусгаарлагдаж байгаа нь ямар сэтгэгдэл төрүүлж байгаа буюу өөр тулгарч буй асуудлын талаар асууж, аль болох хүүхдээ яриулж бүх анхаарлаа төвлөрүүлэн сонсож харилцан ярилцана.
      • Урьд хамтдаа мэдэрч байсан сайхан дурсамжийг хамтдаа эргэн санаж ярилцах, фото зургийн альбом хамтдаа үзэх
      • Зурагт зэрэг мэдээллийн хэрэгслээр гарч буй таагүй буюу сөрөг мэдээллийг аль болох хүүхдэд үзүүлэхгүй байх.
      • Бага насны хүүхдэд өгөх хэрэгцээтэй мэдээллийг (ж.нь: вирусийн тархалт, өвчнөөс сэргийлэх талаар) үлгэр хэлбэрээр ярьж ойлгуулж болно шүү дээ.
    • Эцэг эхчүүд өөрсдөө зөв зохистой цахим хэрэглээтэй байх. ДЭМБ-аас хүүхдийнхээ  цахим хэрэглээг хянах 5 арга замыг зөвлөж байна.
      • Хэзээ, яаж, ямар цахим замаар бусадтай харьцахыг зааж өгөх. Өсвөр насны хүүхдүүд гэртээ байх хугацаанд цахимаар хүнтэй танилцах, буруу холбоо үүсгэх зэргээр эрсдэлд орж байгаа тул зарим төрлийн аппликейшн, сайт зэрэг рүү орох эрхийг нь хязгаарлах, хяналт тавих шаардлагатай.
      • Цахим хэрэглээний аюулгүй байдлыг хангах: Камерт нь наалт нааж халхлах, аливаа аппликейшнийг хэрэглэхдээ бүтэн овог нэрээ ашиглахгүй байх, хувийн мэдээллээ нууцалсан эсэхийг нь шалгаж, хүүхэддээ цахим хэрэглээний боловсрол олгох
      • Онлайн дуудлага ашиглан найзууд, өвөө эмээ, хамаатан садантайгаа холбогдоход нь дэмжлэг үзүүлэх
      • Цахим хичээлийн үеэр багш, ангийнхантайгаа хүндэтгэлтэй харьцах, камер микрофон зэргийг зөв ашиглахыг нь зааж зөвлөх
      • Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд цахимаар дуу, бүжгийн тэмцээнд оролцох, дасгал хөдөлгөөн дагаж хийх зэргийг нь сайшаах гэсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.
    • Хүүхэддээ хэлж, тушаахаас илүү таны үйлдэл толины тусгал шиг хүүхдэд тань үйлчилнэ. Гэр бүлийнхэн нь амар амгалан, эрүүл амьдралын хэмнэлтэй байвал хүүхэд ч мөн адил тэр хэмнэлд дасан зохицдог.
  5. Гэр бүл, үр хүүхэдтэйгээ 14 хоног, сарын турш гэрээсээ гарахгүй цуг байгаа учир стрессгүйгээр цагийг хамтдаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж болох вэ?
    • Дархлааг дэмжих. Манай иргэдийн хувьд дархлааг эм бэлдмэлээр дэмжинэ гэсэн буруу ойлголттой. Харин өдрийн тогтсон дэглэмтэй болох, амьдралын зөв хэвшил нь эрүүл амьдрах, өвчнөөс сэргийлэхэд маш чухал нөлөөтэй. Үүнд: 
      • Орой тогтмол цагт эрт унтах, хангалттай унтаж тогтмол цаг сэрэх. 22.00-цагаас унтаж байхад хүүхдийн өсөлтийн гормон илүү ялгардаг. Унтах хугацаа насаар:
      • 0-3 сартай хүүхэд 14-17 цаг
      • 4-11 сартай хүүхэд 12-15 цаг
      • 1-2 настай хүүхэд 11-14 цаг
      • 3-5 наста хүүхэд 10-13 цаг
      • 6-13 настай хүүхэд 9-11 цаг
      • 14-17 настай хүүхэд 8-10 цаг
    • Насанд тохирсон хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх. Хүүхдийн эмчээс цахимаар зөвлөгөө авч болно.
    • Насанд тохирсон дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь дархлаа тогтолцооны үйл ажиллагаа хэвийн явагдах гол үндэс болдог
    • Хүүхдийн насанд тохирсон тоглоомыг хамт тоглох. Жишээ нь: Монгол уламжлалт шагайгаар  тоглох нь хүүхдийн сэтгэхүйд нөлөөлөхөөс гадна жижиг булчингийн үйл ажиллагааг хөгжүүлж хүүхдийг эвсэлтэй болгоно.
    • Тогтмол цагт хичээлийг нь хийлгэж үр дүнгүй удаан суухаас сэргийлэх
    • Хүүхдийг унтахаас 2 цагийн өмнө зурагт, цахим хэрэглээг хязгаарлан хэт их сэтгэл хөдлөл, биеийн хөдөлгөөн хийхийг хязгаарлах ба ба ном унших, ярилцах зэргээр тайвшруулан унтахад бэлтгэх
  6. Хүүхдүүдийн хувьд хичээлийн улирлын амралт эхэлсэн байгаа. Энэ үед хүүхдээ бие даан сургах, мэдлэг боловсрол олгох, тоглоомоор дамжуулан үр хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох арга ухаанаас зөвлөхгүй юу?
    • Дэлхий дахиныг хамраад байгаа КОВИД-19 цар тахал төдийгүй аливаа халдвараас сэргийлэх аргыг хүүхэддээ тоглоом маягаар үзүүлэх нь  хамгийн үр дүнтэй.
    • Гараа хэрхэн зөв угаахыг эцэг эх, гэр бүлийнхэн нь эхлээд өөрсдөө биечлэн үзүүлнэ. Дараа нь хүүхдүүдээрээ хийлгэж, хооронд нь уралдуулж болно. Мөн хүүхдээ нүд, ам, хамартаа хүрсэн үед нь сануулах, ханиах найтаахдаа ам хамраа цаасан арчуураар дарах, хэрэглэсэн цаасан арчуур, амны хаалтаа тэр даруйд нь хогийн саванд хийх дадал эзэмшүүлэх хэрэгтэй. Үүнийг мөн л тоглоом, уралдаан байдлаар гэр бүлийн гишүүдээ бүгдийг нь оролцуулж, орой нь хүн нэг бүр дээр дүгнэлт хийж ялагчийг тодруулж болно. Таны хүүхэд зөв дадал эзэмшсэн тохиолдолд урамшуулахаа бүү мартаарай.
    • Гэртээ байх хугацаандаа шинэ зүйл сурах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, цахим сургалтанд хамрагдах, бие махбодио хөгжүүлэх зэрэгт хүүхэдтэйгээ хамт суралцаарай.
    • Гэрээ цэвэрлэх, хоол хийх, хувцсаа угаах зэрэг өдөр тутмын ажлыг хүүхэдтэйгээ хамтарч хийгээрэй.
    • Гэрээ цэвэрлэхдээ ариутгалын бодис хэрэглэх үед бээлий өмсөх, ариутгалын болон ахуйн бүтээгдэхүүнийг бага насны хүүхэд хүрэхээргүй газар тавих.
      • Хаалганы бариул, утас, зөөврийн компьютер, таблет, гал тогоо, ариун цэврийн өрөөний гадаргуу, гэрлийн унтраалга, удирдлага, хүүхдийн тоглоом зэрэг халдвар дамжих өндөр эрсдэлтэй зүйлсийг савантай, цайруулагчтай эсвэл угаалгын нунтагтай усаар угаах, 70%-н спиртээр арчиж халдваргүйжүүлэх шаардлагатай

Эх сурвалж:

  1. WHO, Basic Psychosocial Skills: A Guide for COVID-19 Responders.
  2. CDC, Coping with Stress during COVID-19 Pandemics.