АУ-ы доктор, профессор Д.Агваандорж агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хүүхдийн эмч нарын эрдэм шинжилгээний цахим хурал амжилттай зохион байгуулагдлаа

Monap

 

АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын Тэнхим,Монголын Хүүхдийн Анагаахын Академи хамтран АУ-ы доктор, профессор Д.Агваандорж агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хүүхдийн эмч нарын эрдэм шинжилгээний бага хурлыг 2020 оны 12-р сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Уг хуралд 29 өгүүлэл, 18 ховор тохиолдол нийт 50 орчим бүтээлийг ирүүлсэн ба хуралд хот, хөдөөгөөс гадна АНУ, Австрали, Япон зэрэг орноос 100 орчим оролцогч шууд холбогдож оролцсон бол Монголын Хүүхдийн Анагаахын Академийн албан ёсны page хуудсаар 200 орчим эмч, судлаачид үзэж санал шүүмж, урамын үгсийг илгээсэн байна. Бидний хурлыг АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Б.Дамдиндорж нээж мэндчилгээ дэвшүүлсэн ба МУ-ын Ардын эмч, хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор М.Малчинхүү багшийн танилцуулсан “Д.Агваандоржийг дурсахуй” хэмээх зочин илтгэл нь үе үеийн хүүхдийн эмч нарт сургамж, ахмад үеийн багш, эмч нарын дурсамжийг сэргээсэн сайхан мэдээлэл байлаа. Мөн МУ-ын хүний гавьяат эмч, Хүүхдийн зөвлөх зэрэгтэй эмч, АУ-ы доктор, профессор З.Гэрэлмаа “Хүүхдэд тохиолдох COVID-19” сэдвээр зочин профессорын лекц уншссан нь эмнэлзүйн өндөр ач холбогдолтой байсныг хуралд оролцогчид онцлон тэмдэглэсэн юм. Шүүгчдээр АУ-ы доктор, профессор Н.Сүмбэрзул, АУ-ы доктор, дэд профессор Д.Даваасүрэн,АУ-ы доктор, дэд профессор Л.Ундрам нар ажиллаж аман илтгэлд 1, 2, 3-р байр мөн ховор тохиолдлоос шилдгийн шилдгийг шалгаруулж нийт хоёр сая нэг зуун төгрөгийн шагналын сангаар урамшуулж эмч, судлаач нарын цаашдын эрдэм судлалын их аянд дэмжлэг үзүүллээ. Тодруулбал “Төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг, тархалт, шалтгаан” сэдвээр Ц.Алтантуяа тэргүүн байр, “Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн эмнэлзүйн оношилгоонд pass үнэлгээний эрсдэлийн бүлгийг тогтоон мэс заслын дараах онош, эмгэг судлалын үр дүнтэй харьцуулаан нь” сэдвээр Ч.Эрдэнэцэцэг дэд байр, “Хүүхдийн түлэнхийн өвчний хүндрэл үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа” сэдвээр Ч.Ууганбаяр удаах байрыг эзэлсэн бол шилдэг ховор тохиолдлоор С.Цэндсүрэнгийн “Лейнера муссын дескваматив эритродерми” шалгарлаа. Хуралд ирүүлсэн нийт 50 орчим бүтээлээр Монголын Хүүхдийн Анагаах Ухаан сэтгүүлийн тусгай дугаарыг цахим хэлбэрээр гарлаа. Цаашид АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын Тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи нь нийслэл, хөдөө орон нутгийн эмч нарыг нэгтгэн хөгжүүлэхэд анхаарсан олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөөд байна.