Монголын Хүүхдийн Анагаах Ухаан сэтгүүлийн тухай

2015 оны 05 сарын 21-нд Монголын хүүхдийн анагаахын эмч нарын холбооны ээлжит хурлаар “Хүүхдийн Анагаах Ухаан” сэтгүүлийг тогтмол хэвлэл болгон гаргахаар шийдвэрлэж, сэтгүүлийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Д.Даваасүрэнг, нарийн бичгийн даргаар АУ-ны доктор Б.Баясгалантайг томилж, редакцийн зөвлөлийн 9 гишүүнийг сонгон баталлаа.

“Хүүхдийн анагаах ухаан” сэтгүүлийг 2001 оноос АУ-ны доктор, дэд профессор П.Батхүү эрхлэн хүүхдийн анагаах ухааны ололт амжилт, эрдэм судлал, эмнэлзүйн тусламж үйлчилгээний талаар нийтэлж байсан ч санхүүжилт муутайн улмаас тэмдэглэлт ой, зохион байгуулагдаж буй арга хэмжээнд тулгуурлан цөөн тоотой гаргаж байсан юм. Энэхүү сэтгүүл нь хүүхдийн анагаахын оношилгоо эмчилгээний шинэ технологи, шинжлэх ухааны ололтыг мэдээлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.