Олон Улсын Нярайн Скрининг Шинжилгээний Холбооны Ази Номхон Далайн бүсийн 10-р чуулган

“Олон Улсын Нярайн Скрининг Шинжилгээний Холбооны Ази Номхон Далайн бүсийн 10-р чуулган 2017” 2017 оны 8 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд  Улаанбаатар хотын “Holiday Inn” зочид буудалд зохион байгуулагдсан.

Уг чуулган нь Ази номхон далайн бүсийн орнуудад 2 жилд нэг удаа болдог ба 10 дахь удаагийн хурал зохион байгуулах эрхийг манай улс авсан.

Чуулганыг “МОНГОЛ БА АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДАД НЯРАЙН СКРИНИНГ ШИНЖИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдвийн дор Олон улсын нярайн скрининг  шинжилгээний холбоо, Монголын нярайн тандалт шинжилгээний нийгэмлэг, Монголын хүүхдийн анагаахын академи, АШУҮИС-ийн АУС-ын Хүүхдийн анагаахын тэнхим хамтран зохион байгуулсан ба тус чуулганд 30-аад орны 100 гаруй гадаадын, 80 гаруй дотоодын зочид төлөөлөгчид оролцсон.

Энэхүү чуулганд дэлхийн шилдэг мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг солилцсон нь манай орны хувьд харьцангуй шинэ залуу Монголын нярайн скрининг шинжилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

2017.08.26-28-ны өдрүүдэд чуулганы дараах уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж Бангладеш, Хятад, Энэтхэг, Индонези, Малайз, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Шри-Ланк, Вьетнамын төлөөлөгчид болон АНУ-ын шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр Себу, Манилла, Пенангийн тунхаглалуудын зарчим, заалтуудад нийцүүлэн Улаанбаатрын тунхаглалыг баталсан. Нярайн скрининг шинжилгээ нь  шинээр төрсөн нярай бүрт амьдралын эхний өдрүүдэд хийгдэж дотоод шүүрэл, бодисын солилцоо, удамшлын эмгэгүүд байгаа эсэхийг энгийн, хурдан, аюулгүй арга, баталгаатай технологийг ашиглан тандаж эрт илрүүлэх зорилгоор хийдэг шинжилгээ буюу ганцхан дусал цусны тусламжтайгаар насанд туршид эрэмдэг болох эмгэгээс урьдчилан сэргийлдэг гайхамшигтай арга тул тухайн орны иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт асар их ач холбогдолтой байдаг. Анх 1961 онд Америкийн микробиологич Robert Guthrie (M.D PhD) өвөрмөц шүүлтүүр цаасан дээр цуглуулж хатаасан дусал цусанд ферментийн идэвх, бодисын солилцоог хэмжих замаар фенилкетонури өвчинг илрүүлснээр НТШ-ний суурь тавигдаж байсан бол одоо дэлхийн 75 улс нярайн тандалт шинжилгээний бүхэл бүтэн цогц тогтолцоот хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрсөн нярай бүртээ толгой дарааллан 3-50 гаруй нэр төрлийн эмгэг байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор 470 орчим лаборатори идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Манай улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн дэмжлэгтэйгээр төрөлхийн анхдагч гипотиреозыг илрүүлэх төсөлд 2000-2002 онд хамрагдаж, Улаанбаатар хотод төрсөн 3785 нярайд тандалт хийснээр төрөлхийн гипотиреозтой 2 нярайг илрүүлсэн нь уг өвчний тохиолдлын илрэл нь их буюу 1:1892 гэсэн дүгнэлтэд хүргэсэн нь  олон улсын дунджаас (1:4000) бараг 2 дахин өндөр байгааг харуулж байна.

Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр 2012-2014 онд ЭХЭМҮТ, Нийслэлийн 1,2,3 дугаар амаржих газарт төрсөн 7283 нярайд НТШ хийж төрөлхийн анхдагч гипотиреозтой 3 (2428:1), адреногениталь хам шинжтэй 2 (3641:1) хүүхэд тус тус илрүүлж эмчилгээ хяналтанд эрт үед нь оруулсан.

Эрүүл мэндийн бодлого боловсруулагчдын түвшинд уг тогтолцоог амжилттай хэрэгжүүлэх үндэс нь улс үндэстний хэмжээнд тэргүүлэх зэргийн хөтөлбөрт оруулах, санхүүжилтыг шийдэх, Засгийн Газрын бүрэлдэхүүнийг уг тандалт шинжилгээний багт татан оролцуулах явдал бөгөөд энэ хүрээнд ЭМСайдын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182 тоот тушаалаар “Нярайн Тандалт Шинжилгээний Хөтөлбөр (2014-2020)” баталсан.

Энэхүү скрининг шинжилгээний үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, өргөжүүлэх зорилгоор 2016 оны 7 сард Скрининг Оношилгооны Лавлагаа Төв, Монголын Нярайн Тандалт Шинжилгээний Нийгэмлэгүүд байгуулагдсан. Энэ удаад Олон улсын Ротари сан, Нийслэл Ротари клубын дэмжлэгтэйгээр тэтгэлэг авснаар  нийслэлийн амаржих газруудад төрсөн нярайг шинжилгээнд хамруулж байгаа ба цаашлаад хөдөө орон нутгаас шинжилгээ авдаг болж өргөжих зорилготойгоор ажиллаж байна.


SetunariSetunari
Setunari