“Ховор тохиолдох эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний асуудалд” Олон улсын хурал зохион байгуулагдлаа

MonapMonap

        АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн Анагаахын Тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи, АШУҮИС-ийн Биоанагаахын хүрээлэнтэй хамтран “Хүүхдийн анагаах-2022” эрдэм шинжилгээний ээлжит хурлыг энэ оны 12-р сарын 9-ний өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр “Ховор тохиолдох эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний асуудалд” сэдвээр олон улсын хэмжээнд зохион байгууллаа. 

Энэхүү хуралд эмнэлзүйн ховор тохиолдлын оношилгооны чиглэлээр дэлхийд дээгүүрт ордог, олон жилийн дадлага туршлагатай мэргэжилтэнүүд урилгаар оролцлоо:   

  • Япон улсаас Professor Akihiro Umezawa (Япон улсын Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн судалгааны үндэсний институтийн гүйцэтгэх захирал), Professor  Hitoshi Osaka (Япон улс, Точиги, Жичи Анагаах ухааны их сургууль, Хүүхдийн тасгийн эрхлэгч, Хүүхдийн мэдрэлийн эмч), Professor Reiko Horikawa (Япон улсын Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дотоод шүүрэл, бодисын солилцооны тасгийн эрхлэгч, хүүхдийн дотоод шүүрлийн эмч), 

  • Австрали улсаас Elizabeth Emma Palmer (Австрали улс, Сиднейн хүүхдийн эмнэлгийн сүлжээ, Шинэ Өмнөд Уэльсийн Эмэгтэйчүүд, Хүүхдийн Эрүүл Мэндийн Их Сургууль, Клиникийн ахлах багш, Эмнэлзүйн генетикч), 

  • БНХАУ улсаас Professor Fuyong Jiao (Хятадын Шаньси мужийн Ардын эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн ерөнхийлөгч, хүүхдийн эмч, профессор), 

  • Бүгд Найрамдах Турк Улсаас Hulya Kayserili (Турк улсын Истанбулийн Коч Их сургуулийн Анагаах ухааны сургууль, Генетикийн эмгэгийн оношлогооны төв, Генетикийн тэнхимийн эрхлэгч) 

  • АШУҮИС, АУС-ын Хүүхдийн Анагаахын Тэнхим, Биоанагаахын хүрээлэнгийн эрдэмтэн багш нар эмнэлзүйн ховор тохиолдлын оношлогооны тухай, хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын талаар ЭХЭМҮТ, Интермед эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлгүүдээс хүрэлцэн ирсэн хүүхэд, нярайн чиглэлийн 100 гаруй эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэж санал солилцов.

Уг хуралд нийт 24 ховор тохиолдол ирсэнээс 8 илтгэл шалгарч, хэлэлцэгдэв. Б.Мөнхсайхан нарын NTRK1 генийн мутациар үүсгэгдсэн өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэгийн ховор тохиолдол түрүүлж, М.Цолмон нарын Чихрийн шижингийн MODY 5 хэлбэр хоёрдугаар байранд, Б.Гүен нарын Амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэгээр хүндэрсэн, дерматомиозитын ховор тохиолдол гуравдугаар байранд орж батламж, мөнгөн шагналын эзэд боллоо. 

 

Тус хурлын үеэр Монголын Хүүхдийн Анагаахын Академийн оны шилдэг эмч нарыг шалгаруулав. 2022 оны академийн “Шилдэг” хүүхдийн эмчээр Нийслэлийн Амгалан амаржих газарын Нярайн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, хүүхдийн зөвлөх зэргийн эмч Л.Тунгалаг, шилдэг залуу эмчээр БЗД-ийн ЭМТ-ийн хүүхдийн эмч Анагаах ухааны магистр, ахлах зэргийн хүүхдийн эмч Ш.Мөнхцэцэг нар шалгарлаа.